11.23.2009

Шүлэг

*


Өглөө бүхний наран инээмсэглэж угтан
Гэрлийн чөлөөнд шувууд сүлжихэд
Өвсний үнэрт ногоон болтлоо согтсон мэлхий
Цөөрмийн анир эвдэж хаа нэг дуугараад

Зовлон гээчийг өөртөө зохиож, зовхи нь буусан
Хүн гэгчийн өрөвдөлт царайг нуугдан ширтэнэ
Зогсож босож чадсан, дийлж чадсаныг нь гайхдаг ч
Мөлхөөд яваасай гэмээр уйтай харагдана

Нүдэнд нь ууссан гуниг ужиг өвчин мэт
Нүүрийг нь гэрэл үнссээр атал үл мэдэрнэ
Нилэнхүй орчлонг ариусгах хурмастын бүлээн бороо ч
Нэг л сэжиглэм, гашуун үнэрийг нь үл даржээ

... Өвс ёолох чимээнээр мэлхий сэрхийн сэрвэл
Өнөө гайхал хүн усны эрэгт тулаад
Царайд нь тодрох айдсаас зугтах мэт гэнэтхэн
Цөөрмийн ногоон толиог хага яран уналаа

Хэрэгт дурлагч мэлхий усны толио ижилсүүлж
Газарт уйдагчийн зүг зурсхийн харваж хүрвэл
Үхэлд сэгсчүүлэх түүний айдастайгаа тэмцэх агшин
Үл эвлэрэх харц нь мэлхийг ховсдож хөшөөв

Усны биеийг тэврэх мэт эцсийн удаа хөдлөхөд
Ус түүнийг өрөвдөн гүн долгиондоо бүүвэйлэв
Газарт дааж ядаад усанд юүлсэн зовлон нь
Газрийн зүг хүний зүг бөмбөлөг болон одов

Хөшсөн мэлхий айдсаа орхин, хүнд дөхөөд
Хүй амгаланд урнаар хөвөх биеийг нь тойрвол
Аргаа барсан үрчлээст царай айдастаа хүлэгдэж асан харц нь
Амирласан төгс үзэсгэлэнгээр нэвт гэрэлтэх ажээ

No comments:

Post a Comment