11.23.2009

Миний Эссэ

Ардчиллыг хөгжүүлэх нь
Яагаад бид ардчиллын шинэ давалгаанаас болгоомжлох учиртай вэ? Яагаад ардчиллыг тодорхойлогч шинжүүдийг судлах шаардлагатай вэ?
Дэрхийн түүхэнд ардчиллын 3 том давалгаа явагдсан байдаг. (Хантингтоны гаргасан зүй тогтол)

Нэгдүгээр давалгаа: 19-р зуун Хоёрдугаар давалгаа: 20-р зууны эхэн үе Гуравдугаар давалгаа: 1974 оноос 21-р зууны эхэн үе
Дөрөв дэхь давалгаа хэрэв байгаа бол одоо бидний байгаа цаг мөч яг эхлэх цэг дээр нь ирээд байна. Бид сонголтоо хийх ёстой. Урагшлах уу, ухрах уу. Эхлэлийг нь сайхан тавиад өгчихсөн байхад цааш хөгжүүлэх нь чухал. Хөгжүүлэхийн тулд ардчиллын тодорхойлох шинжүүдийг ойлгож байж цааш хөгжих арга замыг олж харах учиртай юм. Ардчилал бол ерөнхий утгаараа сайн зүйл, засгийн хамгийн сайн хэлбэр гэдэгт ихэнхи хүмүүс итгэдэг. Хүн хүний үнэлэмж өөр байдаг болохоор ардчиллыг сайлах муулах нь чухал биш. Тухайн хүний л бодол. Харин эрдэмтэн мэргэдийн судласан судалгаа, онолын үндсэн дээр хүн төрөлхтний хамгинй төгс засаглал бол ардчилсан засаг гэдэгтэй хэн ч маргадаггүй. Аристотель цэвэр ардчиллын нөхцөлд “үй олон хүн дээд мэдэлтэй байж, хуулийг зарлигаар орлодог учраас.... хоосон номлогчууд үүсдэг” гэсэн нь ардчилал нэг этгээдийн дарангуйлал руу хальтиран орж болзошгүй гэсэн утга илэрхийлэх бөгөөд энэ нь ардчиллын ухралтыг хэлсэн санаа юм. Ард түмэнд үйлчилэх хуулийг, нэг хүний зарлигаар сольж, нийтийн захиргааг нэг хэсэг хүний захиргаагаар сольж орхивол тэнд хэдий эрх чөлөө, тэгш эрхийн үндсэн ойлголтууд байсан ч сайн ардчиллын замаас ухарсан хэрэг болно. Энэ нь өнөөгийн дэлхийн олон оронд илрэн харагдаж байгаа. Стивэн Лэвицки, Люкен А. Уэй нарын Journal of Democracy сэтгүүлд бичсэн өгүүллээс үзэхэд “сонгуульт ардчилал”, “хагас ардчилал”, “виртуал ардчилал”, “өрсөлдөөнт ардчилал” гэх зэргээр ардчиллыг нарийн ялгаж болох аж. 1990-ээд оны үед ардчиллыг сонгосон олон орнуудын дунд ухарсан нь ч байна, хэвэндээ зогссон нь ч байна, урагш ахисан нь ч байна. Манай монголын хувьд “сонгуульт ардчилсан” засаглалтай гэдэг ч зарим шинжээрээ Стивэн Лэвицки, Люкен А. Уэй нарын тодорхойлсон “өрсөлдөөнт авторитари” хэв шинжид багтах магадлалтай. Үүнд: Сонгууль тогтмол явагдаж, сонгуулиар өргөн хэмжээний булхиа харагдах нь ерөнхийдөө бага боловч эрх баригч нам нь сөрөг хүчинд хэвлэлийн орон зай олгохгүй байх, эрх баригчид ардчиллын дүрмийг илтээр зөрчих бус (сөрөг хүчин, хэвлэл мэдээллийг хориглох гэх мэт) харин хахууль өгөх, тал засах юмуу дарамтын арай илт бус хэлбэрээр татварын алба, чих зөөлөн шүүхийнхэн, төрийн бусад байгууллагыг ашиглан шүүмжлэгчдийг илүү дуулгавартай байлгах.
2008 оны сонгуулиар энд тэнд мөнгө тарааж явсан гэсэн ярианаас гадна телевизүүдийн оргил цаг гэгддэг 18-аас 22 цагийн хооронд МАХН, АН-аас нэр дэвшигчид ээлжлэн нэвтрүүлгээ цацаж байсан нь өнөөх бие даагч, жижиг намуудын төлөөлөлд орон зай үнэхээр байсангүй. Мөнгө, хахууль ил тод авсан өгснийг нь хараагүй ч энэ бол бодитой болсон зүйл. Шүүх, цагдаа, прокурор нь ямар нэгэн байдлаар Засгийн газрын харьяанд байна. Зөв үнэнийг шүүхийн оронд хэргийг нуун дарагдуулж иргэд, ард түмнийнхээ эрх ашгийг хамгаалах бус төр засгийг өмгөөлж хамгаалж байгаа нь бас нэгэн жишээ юм. (“С.Зоригийн”, “7 сарйн 1”-ны хэргүүд, аль нэг намын халаасанд орсон сэтгүүлч сурвалжлагч нар бас нэгэн хамгаалах зэвсэг нь болчихдог) Ухралтыг хүсэхгүй байгаа бол урагш хөгжих хэрэгтэй. Чухам энэ нь ямар байдлаар, ямар аргаар, хэзээ, яаж илрэх нь тодорхой бус байна.
Хэдийгээр шилжилтийн нийгэм олон улсын хямралд автамтгай байж болзошгүй байдаг ба ардчилсан дэглэм, ардчилсан бус дэглэмтэй дайтаж, түүнийг байлдан эзэлж байсан урт удаан түүхтэй ч либерал ардчиллыг хөгжүүлсэн улсууд хоорондоо дайтаж байсан түүх үгүй юм.. Харин Либерал ардчилалд хүрч чадсан улс орнууд өнөөгийн түвшинд иртлээ маш олон хүнд бэрхийг туулж өнгөрүүлсэн байдаг. Улс дотроо төр засгаа эсэргүүцсэн олон бослого хөдөлгөөн гарч, олон хүний амь нас золиослогдож, ард түмэн уй гашуу амссан түүх байдаг. “1980 оны Өмнөд Солонгосын 1980 хувьсгал, 1919 оны бослого, Хятадын 1989 онд Тянь Минь-ий талбайд болсон оюутны хөдөлгөөн” гэх мэт эсэргүүцлийн үр дүнд өнөөгийн сайн сайхан амьдрал нь тэдэнд ирсэн байдаг. Тэдгээр ард түмэн ч энэ ардчиллыг ямар үнэ цэнээр олдсоныг ухаарч, өөрсдийн ардчиллаа хамгаалдаг, хайрладаг. Манай монгол юугаа золиосолж, яаж сайн ардчилалд хүрэхийг таах аргагүй. Ардчилал гэдэг их үнээр олдохынхоо хэрээр их зүйлийг авдаг. “Чанар дагаж үнэ өснө” гэдэгтэй адил. Яваандаа ард түмэн, төрийн хооронд ямар нэгэн мөргөлдөөн, эсэргүүцэл гарахгүй гэх баталгаагүй. Ард түмний дундах уур бухимдал, ядуу дорой байдал, төрийн эрх мэдэл, хүнд суртал, ард түмний эрх ашиг, амьдралын тааламжтай нөхцөл бүрдээгүй тохиолдолд магадгүй... 7 сарын 1-ний хөдөлгөөн бол энэ үйл явцад ойртон ирснийг сануулсан дохио байсан болов уу.
Ардчиллыг хөгжүүлэх нэг чухал зүйл бол оролцоо юм. Сонгуульт ардчиллын минималист ойлголт нь утга бүхий өрсөлдөөн, оролцоо байхын тулд эрх чөлөөний минимал төвшин хэрэгтэйг зөвшөөрдөг. Даалийн боловсруулсан полиархийн тухай үзэл баримтлал нь полиархи илт хоёр хэмжүүртэй байхын нэг нь сөрөхүй, нөгөөх нь оролцохуй үйлдэл. Энэ хоёр хэмжүүр дотор иргэний эрх чөлөө агуулагддаг. Ард түмэн сонгууль өгөх, санал өгөх, эсэргүүцэл илэрхийлэх гэх мэт үйлдэл бүрдээ оролцооны эрх, эрх чөлөөг мэдэрч байдаг. Хүн нийгмийн харилцаанд байнга оролцож байдаг. Үүнээс гадуур байна гэж үгүй. Чухам ямар хэмжээнд оролцох вэ гэдэг нь өөр асуудал юм. Ардчилсан нийгэмд оролцооны тогтвортой оршихын тухайд онцгой асуудал байдаггүй. Оролцооны үйл явцын боловсруулан гэгээрүүлэх үр нөлөөгөөр дамжин оролцоо нь өөрөө өөрийгөө тэтгэж байдаг. Өөрөөр хэлбэл оролцох явцад оролцоо нь хөгжиж, илүү өргөн хүрээг хамарч эхэлдэг. Эхлээд гэр бүлийн хүрээнд хоол хүнс өдөр тутмын ойр зуурийн асуудал, цаашлаад бусад хүрээнд (хотын тулгамдсан асуудал гэх мэт) оролцох нь оролцооны хөгжлийг харуулна.
Ардчиллыг хөгжүүлэхэд тус болох бас нэг зүйл бол хоёр талт хяналт. Роберт Дааль “хяналттай, мэдрэмжтэй, ойлгомжтой, энх амгалан, сайн засаглалыг авчрах хамгийн магадлалтай төр нь Либерал Ардчилсан төр” гэсэн. “Либерал ардчилалд иргэд удирдагчдыг хянаж байдаг.” Босоо хяналтаас гадна хэвтээ хяналттай байх нь монголд бий чухал шаардлагатай байгаа. Удирдагч (чиглүүлэгч)-ын заавар дор ажилтан албан хаагчийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлсэн үйлчилгээг нэгдүгээрт: анхдагч үйлчлүүлэгч буюу иргэдээс санал авах журмаар иргэдээр үнэлүүлэх, ажилтан ажилтанаа үнэлэх, хянах, хоёрдугаарт: иргэдийн өгсөн үнэлгээн дээр тулгуурлан гаргасан удирдагчийн үнэлгээ. Энэ хоёр үнэлгээний үндсэн дээр үүсч буй хяналт нь бодитой бөгөөд өөрчлөн сайжруулах шинэчлэлт хэрэгтэй байгаа бол маш хурдан засарч, чанаржиж чаддаг. Үүнийг төрийн үйлчилгээнд иргэдийн хяналт, дүгнэлтийг тусгаж оруулснаар үйл ажиллагаа нь сайжирч, түргэн шуурхай, нөхцөл байдалд тохирсон уян хатан, нээлттэй болох ба иргэн үйлчлүүлэгчийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулдаг болох юм. Цаашлаад нийгмийн уур амьсгалд эерэгээр нөлөөлж сайн ардчилалд очих түлхэц болно. Энэ тал дээр иргэний байгууллагууд идэвхитэй оролцож, олон газар туршиж үзэж байна. Засгийн газартай гэрээ байгуулан салбар яамдын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог татан оролцуулж байна. Ардчиллын боловсролын төв Байгаль орчны яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтарч “Иргэний нийгмийн зөвлөл” байгуулж ажиллаад 2 жил болж байгаа бөгөөд одоо Нийгэм, хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтрах үйл ажиллагааныхаа боловсруулалтыг хийж байгаа.
Ардчилал ямагт хөгжиж байдаг. Цаг үргэлж тордож, услаж байх хэрэгтэй. Либерал ардчиллын хувьд ч гэсэн зогсох цэг байдаггүй. Үргэлж цааш тэмүүлж байдаг. Ардчиллын институтийг сайжруулж, гүнзгийрүүлж болдог ба улам батжуулах шаардлага гардаг. Улс төрийн өрсөлдөөнийг илүү шударга, илүү нээлттэй болгож, иргэдийн мэдлэг, нөөц бололцоо чадавхийг сайжруулж, харилцан тайлагнах чадварыг дээшлүүлж, иргэний эрхийг илүү сайн хамгаалж болдог, эрх зүйт ёсыг илүү үр дүнтэй, найдвартай болгож болно.
Ардчиллын цааш цаашдын хөгжил нь улс орон болгоны өмнө тавигддаг асуудал мөн. Ардчиллыг төгөлдөржүүлж, чадваржуулснаар нийгэм дэхь эдийн засаг, нийгмийн бүх асуудал шийдэгдчих нь үгүй. Тэглээ гээд хойш суух биш ямагт шинийг эрэлхийлж, гадны олон орны хөгжлийн жишээ баримтан дээр тулгуурлан туршилт, сорилтуудыг хийж байвал өөрсдийн хэв маяг, амьдралын онцлогт тохирсон хөгжлийн түлхүүрийг олж авах нь гарцаагүй юм. Гагцхүү хүсэл тэмүүлэлдээ үнэнч байж мятрашгүй их зоригтой, одоогийн ардчиллаа хамгаалж, цаашид өсөж дэвших бүхий л арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.




Ашигласан материал:
- Улс Төрийн Боловсролын Академи “Ардчиллын тухай түүвэр” 2006
- Ардчилал судлал хичээлийн лекц, 2009.11.13
- Demo “Ардчиллын боловсролын төв” гарын авлага 2009

No comments:

Post a Comment