11.23.2009

Эссэ


Авлига
    Авлигын талаар ярьдаггүй хүн гэж байхгүй бизээ. Өгч үзээгүй хүн ч гэж байхгүй. Авлигыг хаана үйлдэгддэгээр нь хэд хэд хуваан тодорхойлж болох боловч эцсийн дүн нь нэг юм. “Эдэд шунах, ёсон бус аргар юмыг олзолж авах” (Я.Цэвэл), Авлига гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход
урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил” (Авлигын эсрэг хуульд)
Өөрөөр хэлбэл, албан хаагч түүнд амласан, санал болгосон, эсхүл өгсөн эдийн болон эдийн бус ашгийн нөлөөнд автан хариуцсан албаныхаа ашиг сонирхлыг худалдан урваж байгаа үйлдэл юм. Авлига нь тухайн этгээдийн шударга байх мөс чанарыг үгүй хийнэ, зөвхөн хувийн ашиг сонирхолыг хайгч болгоно, албан ажлын үйл явцад муугаар нөлөөлж үйл ажиллагааны жинхэнэ зорилго зорилтын эсрэг хандлагыг бий болгодог.
                   Миний нэг танил улсын нэгэн их сургуульд тэнхимын ажилтан хийдэг. Түүний яриагаар хичээлийн шинэ жил эхлэх болон хавар дүн гарах үеэр мөнгө олох боломж маш их гардаг гэнэ. Конкурсын шалгалтандаа тэнцээгүй хүүхдүүд ээж аавыгаа дагуулан ирж өдөржингөө үүдийг нь сахиж, сиймхий гарахыг нь хүлээж байгаад өнөөх мөнгөний асуудлыг ярьдаг. Цалин муутайгаа бодохоор өөрийн эрхгүй аваад л хоёр гурван хүүхэд оруулдаг гэнэ. Эсвэл  бас хэн нэгэн багшийн хамаатны хүүхэд гээд ирэхээр яах ч аргагүй байдаг юм. Нэг хүүхдийг өөр тэнхимийн багштай яривал 300000 орчим, ганцаараа бол 250000 дөхүүлээд л авдаг. Тэгээд хавар болохоор дүн, шалгалтын зөрүү засах гээд бас л оюутнуудын хөл тасрахгүй. Хүмүүс боломжоороо л өгдөг юм. 10, 20-иос эхлүүлээд. Нэг удаа намар, бүр 500000 гаргаж олсон гэнэ.[1]
Энэ жишээн дээр ярихад авлига авсан болон өгсөн хүний буруу ч гэсэн ийм байдалд хүргэж байгаа нь сургуулийн бодлого, цаашлаад нийгэмд суусан буруу ойлголтууд нөлөөлж байгаа юм. Сургууль, эмнэлэг, цагдаа зэрэг байгууллагад авлига хамгийн их байдаг. Энэ нь судалгаануудаас харагдаж л байдаг. Харин үүнтэй тэмцэх аргыг зохион байгуулалттай, зөв бодлогоор, уг үндсээр нь шийдвэрлэхгүй бол арилна гэж үгүй. “Авлигатай тэмцэх газар эрүүгийн 79 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 12-т яллах дүгнэлт гаргаж, 8 хэргийг хэрэгсэхгүй болгохоор прокурорт шилжүүлж, 13 хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн, 4-ийг нь бусад хэрэгтэй нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж буй [2] гэжээ. Авлигатай тэмцэх газар мянга, түмэн хэргийг шийтгэлээ гээд авлига өөрөө алга болохгүй. Авлига гарах үүр уурхай, боломж бололцоог нь л хааж өгөх хэрэгтэй. Үүний тулд маш нарийн бодлого хэрэгтэй байна. Авч хэрэгжүүлж болох арга:
1.     Төрийн байгууллагын цалин хөлсийг нэмэгдүүлэх. Гэдэг нь иргэдээр үнэлүүлдэг, иргэдээс сайн үнэлгээ авсан бол нэмэлт урамшуулал авдаг болгох. Жишээ нь оюутан сурагчдаас “таны үйлчлүүлсэн багш, ажилтан авлига авсан бол хасах, аваагүй бол нэмэх” ч гэдэг юмуу.
2.     Бодлогын чанартай шинэчлэлтүүдийг хийх. Сургалтын чанарын стандарт, багш сурагчдын ёс зүйн талын сургалт, сурталчилгааг явуулах
3.     Элсэлт болон, төгсөлтийн үеэр иргэдээс болон удирдлагаас нь хяналт тавидаг болгох. Хөндлөнгөөс хянах, үйлчлүүлсэн хүнээс санал авах, Өмнөд Солонгосын адил[3] нууцлал бүхий цахим мэдээллийн системтэй болох.
4.     Хяналтын камер ажиллуулах.

Юун түрүүнд хориж шийтгэх бус нийгэмд, хувь хүнд ухамсарлуулсан, авлигыг буй болгогч хорт үндэс суурийг нь тасдан хаях хэрэгтэй. Өөрчлөлт, шинэчлэлийн аргаар бага багаар дасгаж, хүмүүсийн дунд авлига гэж зүйл огт хоосон зүйл болтол нь хэвшүүлэх хэрэгтэй юм. 







[1] Танил эгчийн ярианаас.
[2] Авилгатай тэмцэх газрын мэдээ
[3] Ч.Сосормаа, “Төрийн захиргаанаас Нийтийн захиргаан руу”, 2008, хуудас 75

No comments:

Post a Comment