11.23.2009

Бюрократизм эссэ


Бюрократ тогтолцоог өөрчлөх тухай миний бодол
          Бюрократизм бол төрийн захиргааний үйл ажиллагааг зохион байгуулах төгс хэлбэр гэж Макс Вебер тодорхойлжээ. Түүнийхээр бюрократизм нь удирдаж удирдуулахуйн маш том урлаг байсан.[1] Харин энэ онолд шүүмжлэлтэй талууд олон байсныг Адам Смит, Фрейдрик Тейлор, Н.Паркинсон, Лоренс Петер нарын эрдэмтэд тодорхойлжээ.[2]

Веберийнхээр Бюрократын сайн талууд нь: Хууль дүрмийг даган биелүүлэх албан тушаалын босоо тогтолцоо, орон тооны мэргэшсэн ажилтнууд, амьдралын эх үүсвэр болдог тогтмол цалин.  Харин үүний эсрэг тал нь хүмүүсийн хөгжлийг боогдуулдаг, хүнийг сэтгэхгүй, хөгжихгүй машин болгодог. Төрийн эрх мэдэл нэмэгдсээр, институтийн бүтэц нь томорсоор аварга том аалз лугаа адил болсон. Аалзны торонд хүлэгдсэн ард түмэнд хөдлөх, хөгжих боломжгүй, хүмүүсийн хоорондын харилцаа хүртэл устаж үгүй болдог. Давуу нэг эрхтэй хүн өөрийн ашиг сонирхолд нийцүүлж болдог.   Вебер үүнийг мэдэж байсан ба “энэхүү хүчирхэг тогтолцоог болчимгүй эрх баригчид нийгэмд үзэл суртлын дарангуйлал тогтоох аппарат болгох вий”[3] гэсэн айдастай байсан. Тод жишээ нь Коммунист, Нацист дэглэм.[4] Хэн нэгэн эрх мэдэлтэй хүн үүнийг өөрийн эрх ашгийн төлөө, өөрийгөө хамгаалсан хууль, дүрэм журам гарган түүнийгээ хүчээр хэрэгжүүлэх, дарангуйллыг бий болгох бололцоотой юм. Төр хуулийн дагуу хүч хэрэглэх, заналхийлэх, монополь, бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага байна. Хууль хамгийн хүчтэй. Бюрократ нь хүнийг албан тушаалд дурлуулдаг. Албан тушаалд эрх мэдэл маш их байдаг ба эрх мэдлийн төлөө хүмүүсийг өрсөлдүүлж байдаг. Паркинсоны хэлснээр “Бюрократ түшмэл өөрийн доорхи хүний тоог нэмэхээс өрсөлдөгчийг олшруулдаггүй.”[5] Сул дорой ажилтнуудыг авч ажиллуулаад өөртэй нь өрсөлдөх хэмжээний сайн ажилтанг өсгөн дэмждэггүй гэсэн үг юм. Мөн тэрээр “түшмэдүүд бие биенийхээ төлөө ажилладаг. Хамаатан саднаараа даргууд болж нүсэр том аппаратыг бий болгодог” гэсэн нь өнөөгийн монголын байгаа байдалтай тохирч байна. Аль, хаана даргын сул орон тоо байна тэнд танил хамаатан садангаа оруулахыг хичээдэг, нөгөө танил талаараа яриулахыг оролддог, мөнгө л байвал хялбархан даргын суудалд суучих боломжтой болчихсон нь үүний нэг жишээ юм.
Адам смит, Ф.Тейлор нар бюрократыг явсаар хүнд суртал, эрх мэдэл, монопольчлол болж хувираад хүний оюун санааны ба ёс суртахууны олон талуудыг орхигдуулсан, сэтгэл хөдлөл, уярах, өрөвдөх гэсэн ойлголтууд үгүй болсон гэжээ.[6] Хүмүүс хоорондоо харилцахгүй бол тэр жинхэнэ машин техникээс ялгагдахгүй зүйл болно. Өрсөлдөөн, эрсдэл, хөгжил огт үгүй болж хувирдаг.  Хүнийг барих тусам баригдсан хүрээндээ хумигдсаар байдаг. “Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийнэ” гэдэг үүнийг хэлээд байгаа юм. Одоо бол энэ үг утгаа алджээ. Хэн сайн сэтгэж, хэн сайн хөгжинө тэр хүн бүх баялагийг бий болгох боломжтой болсон цаг үе. Петер “Бюрократ тогтолцоо чадвар муутай дарга нараар дүүрч, ажлын үр дүн буурдаг” гэж хэлсэн. Бюрократ нь явсаар байгаад улам хүчирхэгжих тусам нийгмийн олон асуудлыг түргэн шуурхай, уян хатан шийдвэрлэж чадахаа байгаад нуран унахад хүрсэн юм. Боогдмол байсан ажилтнуудын дунд чадварлаг мэргэжилтэй ажилтнууд өсөн нэмэгдэж мэдлэггүй хоосон, хүнд сурталтай дарга нарыг шахаж эхэлсэн.
Бурократ тогтолцоог огт үгүй болгоод аваад хаячихаж болохгүй, зарим хэв шинж нь байхаас өөр аргагүй юм. Бюрократ тогтолцоонд энэ мэт муу талаас гадна сайн тал бий. Жишээ нь: Удирдан зохион байгуулагдаж, үүрэг даалгаврыг биелүүлэх гэх мэт. Залж чиглүүлэх хүнтэй байж нэгэн бүхэл болж үйл ажиллагаа явуулж чадна гэсэн үг юм.  Дарга хэрэггүй гээд даргагүй болгочихвол ажилтан албан хаагч нар үймж, барьц алддаг. Тэднийг нэгтгэн, нэг зорилготой байлгахын тулд удирдан чиглүүлэгч, залагч байх хэрэгтэй. Адил тэгш эрхтэй хамт олны дунд хөгжил харагдана. Захиран тушаадаг дарангуйлагч биш. Хүний хөгжлийг нээж, эрх мэдлийн ялгаралыг үгүй болгох, бүгд ижил тэгш эрхтэйгээр үйл ажиллагаанд оролцдог байх, хуулийг дээдэлж хүнийг уландаа гишгэх бус үйлчлүүлэгчийн санаанд тааруулж уян хатан байж чадах, нэг хэв загварын бус өөрчлөн шиинэчлэгддэг байх, ажилтан бүрийн ур чадвар, мэдлэг оюуныг хөгжүүлж байж байгууллага өөрөө хөгждөгийг өнөөгийн цаг үе харуулж байна. Үүнийг хэрэгжүүлдэг  компаниуд ч олноор бий болж байна. (Жишээ нь: Номин холдинг, Моннис, Жигүүргранд гэх мэт. Эдгээр компаниудын ажилтан шалгаруулж авах арга маш сайн шүүлтүүртэй бөгөөд хувь хүнийг өсөж дэвжих боломжийг нээлттэй байлгадаг). Үүнээс харахад бюрократ тогтолцооноос авах юм ч байна. Авахыг нь аваад хаяхыг нь хаях зарчимаар хэрэгтэйг нь үлдээгээд хэрэггүй хоцрогдсонг нь өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна.


[1] Англи хэлний орчуулгын материал, “Public Administration-1”
[2] Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу, 2008, хуудас21, 25,27
[3] Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу, 2008, хуудас20
[4] Нийтийн захиргаа хичээлийн лекц, 2009.10.29
[5] Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу, 2008, хуудас25
[6] Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу, 2008, хуудас21

No comments:

Post a Comment