11.23.2009


Цээжний гүнд гуниг чуулах цагаар

.


Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэцгийн өнгө гологдож нүдээ анимаар санагдана
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Чимээ шуугиант ертөнц, хүмүүс мартагдана


Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэн тогорууны бүжиг салхи хээлэх нь үзэгдэнэ
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Үүлсээ зангирааж огших тэнгэрийн бачимдал мэдрэгдэнэ

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Би нэгэн зул мэт болоод...
Бүдчин, догдлон гэрэл нэрж
Биелэшгүйн зүг дураар алхаад
Элсний ширхэг, усны дусал мэт
Элэгдэхээ мэдэрч жаргана
Эхлэл төгсгөлийн утга алдарч
Энд би өөрийгөө харах мэт…

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Зүрх яруусаж...
Зүйлийн гэгэлгэн аялгуугаа зүг бүрт илгээнэ
Хэнхдэг дүүрэн уяралдаа, аньсага чийгтэн хөвөөд
Хоосортлоо санаа алдахад, хөшиг татсан мэт , хорвоо гэрэлтэнэ

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Дотогшоо ширтэхүй...
Манант ертөнцийн бараа маргааш мэт даллахад
Махан бодио хүрэл хөшөө мэт үлдээгээд
Маргааш руугаа өнөөдөр явмаар санагдана

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэл залуухандаа гэрээслэл бичмээр санагдана
Цэцэг мэт ургуулсан мөрөөдөл бүхнийг минь гишгэчихсэн
Цэвдэг амьдралын хөрснөөс шувуу шиг тасармаар бодогдоно

Цээжний гүнд гуниг чуулах цагыг
Зүүд мэт үргээж, ижий минь дуудлаа
Эрх сэтгэлийн наран харь ертөнцийг хальж
Ижийдээ үнсүүлэхийн баярт сүнсний гуниг арилжээ


.

No comments:

Post a Comment