11.23.2009

Шинэтгэлийн эссэ

Төрийн захиргааны шинэтгэл амьдрал дээр
Төр засгаас гаргасан аливаа шийдвэр, тогтоолыг ард иргэдэд хүргэгч байгууллага бол төрийн захиргааны байгууллага юм. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь иргэдэд үйлчлэх, мэдээлэл өгөх, хамтран ажиллах үүрэгтэй. 1990 онд ардчиллын замыг сонгон орсон цагаас хойш төр захиргааны үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна.

Төрийн захиргааны байгууллага бол засгаас гаргасан аливаа шийдвэр, тогтоол, хууль дүрмийг ард иргэдэд хүргэх үүрэгтэйгээс гадна төрийн бодлогод ард иргэдийн санал бодлыг тусгасан, иргэдэд нийцсэн бодлого боловсруулж байх учиртай юм. Өнөөгийн байгаа төрийн байгууллага нь хүнд суртал, авилга ихтэй, чирэгдэл гомдол байнга гардаг, үйл ажиллагааны доголдолтой талууд нь цаг үе, нийгмийн шаардлагаар өөрчлөгдөхийг шаардаж байна. Төсвийн мөнгийг яаж зарцуулж байгаа, ямар зүйл хийж бүтээсэн нь тодорхойгүй, уулзах гээд очиход санал хүсэлт хүлээж авдаггүй, хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлдэг, хаалттай байдал нь өөрчлөх хэрэгтэй байгааг харуулж байна.
Монгол улс хэрхэн хөгжих нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх зөв менежменттэй холбоотой. Хэт их төсөв зарлагадаж, олон тооны албан хаагч ажиллуулдаг нүсэр бүтэцтэй төрийн захиргааны байгууллага нь асуудлыг хэт томоор, нарийвчлалгүй, ерөнхий, уях хатан хувирах чадваргүй, нийтэд таалагдсан шийдвэр гаргадаг. Тэрхүү шийдвэрээ хууль дүрмийн дагуу хүчээр хүлээн зөвшөөрүүлдэг байна. Төрийн захиргааны шинэтгэлийн гол зорилго нь иргэдэд нээлттэй, төрийн уян хатан бодлого шийдвэр, хүн тус бүрд хувилах чадвартай бодлого, төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангасан, ард түмнийг хүндэтгэсэн, сайн ардчилалыг бий болгоход оршино.
Төрийн байгууллагын дутагдалтай тал нь үйл ажиллагааны чиглэл тодорхой бус, мэдээлэл судалгаа дутмаг байдал. Иргэд үйлчлүүлэх гээд очиход цагийн хуваарь төдий мэдээлэлтэй байдгаас ард иргэд эндээс ямар өдөр очих, ямар бичиг баримт бүрдүүлэх, яаж санал хүсэлтээ илэрхийлэх зэргийг төдийлөн ойлгодоггүй. Хаалгаар оруут хөндий хүйтэн уур амьсгал, хүн бүр өөр өөрийн асуудалтай, тэдгээрийг нэгтгэсэн үйл ажиллагаа байдаггүй. Энэ нь бухимдал, үл ойлголцол зэргийг үүсгэдэг. Эргээд иргэдээс санал асуулга, судалгаа явуулж, төрийн байгууллагын цаашдын хөгжил дэвшилийг хурдасгах бодлогын менежмент дутмаг байна. Иргэдээр үнэлүүлж, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь чухал. Орж ирсэн хүнийг мэдээллээр түргэн шуурхай хангаж, ойлгомжтой, хүртээмжтэй байх, иргэдийг халуун дотно уур амьсгалаар угтах нь байгууллагын өнгө төрх, үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлөх юм. Тиймээс төрийн байгууллага иргэддээ яаж үйлчлэх, үйлчлүүлэхэд юуг анхаарах, ямар материал бүрдүүлж, хэзээ ирэх зэрэг тодорхой мэдээллийг цахим мэдээллэх самбар, вэбсайт, онлайнаар иргэдтэй шууд харилцаж байвал чирэгдэл төвөг учирах нь илт багасах болно. Энэ бол шинэ үеийн төрийн байгууллагын хэрэгжүүлвэл зохих шинэтгэлийн нэг яах аргагүй мөн юм. Хэн мэдээллийг хамгийн хурдан тарааж байна тэнд өөрчлөлтүүд маш хурдан явагдана. Зарим төрийн байгууллагууд энэхүү аргыг хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд үр дүн сайтай байгаа боловч нэгдсэн хэмжээгээр онлайн ашиглах нь одоогоор бололцоо муутай байна. Бүх шатандаа системтэй бодлого чухал байна. “Өрх бүрт компьютер” хөтөлбөрийг энэхүү шинэчлэлийн суурийг тавих чухал бодлого болсон гэж бодож байна.
Төрийн захиргааны шинэтгэл бага багаар хэрэгжиж эхэлж байгаа нь маш чухал бөгөөд үйл явц удаан байж болно, бүтэлгүйтэж болно. Дахин дахин оролдож, тал бүрээс нь авч үзэж байж бид өөрсдийн онцлогт тохирсон шинэчлэлийг хийж чадах болно. Хөдөө орон нутгийн иргэддээ хүрсэн, нийтийг хамарсан, хүний хөгжлийг дээдлэсэн, хүн бүрийн оролцоог хангасан сайн төрийг бий болгохын тулд хүн бүрийн хичээл зүтгэл, мятгашгүй зориг, тэмцэгч зан, алсын хараа хэрэгтэй байгаа юм.

No comments:

Post a Comment